Археологич Д.Баяр: Нүүдэлчдийн түүхийн өлгий болсон Орхон гол сүйдсэнд харамсч байна

орхон голМанай сурвалжлагч Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд ажиллахдаа эртний түүхт Орхон гол алтны уурхайнхны балгаар усаар биш улаан шороогоор уйлан урсч байгаа тухай сурвалжилсан билээ. "Уйлж байгаа Орхоныг авраач, Байгаль орчны сайд аа!" нийтлэлийг 2010 оны зургадугаар сарын 25-ны дугаартаа нийтэлж байсан юм. Уг нийтлэлийн дараа Орхон голоо аврах санаачлагад олон хүн нэгдсээр байна. Энэ удаад бид Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газруудын талаар археологич доктор, профессор Д.Баяртай ярилцлаа.

Орхон голын сав газарт борооны дараах мөөг шиг олширсон уул уурхайнхны балгаар түүх соёлын дурсгалууд хууль бусаар гадагш гарах, тоногдон алга болж байна. Энэ тухай танаас археологич хүний хувиар сэтгэгдлийг тань сонсъё?
Их харамсч байдаг. Орхоны хөндий бол "ЮНЕСКО"-гийн соёлын өвд бүртгэгдсэн газар. Улсынхаа хуулиар хамгаалагдах ёстой. Төр, засгаас анхаарч хууль дүрмээ чангатгах хэрэгтэй. Тухайн орон нутгийн удирдлага ч хууль зөрчсөн этгээдүүдийг шийтгэж хариуцлага тооцох хэрэгтэй. Манай оронд л түүхийн дурсгалууд хараа хяналтгүй хөдөө хээр байдаг. Бусад орон судалгаа хийсэн газраа хамгаалалтад авч байшин барилга барьдаг. Гэтэл бидэнд тэрэнд зарцуулах хөрөнгө мөнгө байдаггүй, хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй.

Түүхийн бүхий л цаг үед Орхоны хөндийд Монголын их хаад нутаглан манай орны төв нутаг байсан талаар сурвалжуудад байдаг. Энэ нутагт түүх, археологийн ямар чухал дурсгалууд байдаг бол?
Манай орны төв Орхоны хөндий бол эрт үеэс хүн нутаглан суурьшиж, түүх, соёлоо бүтээж ирсэн газар. Үүгээрээ алдартай. Монгол оронд XIX зууны сүүл үеэс эхэлж археологийн талаар судлах болсон. Анхны судлаачид Орхоны хөндийгөөр хайгуул хийж эртний түүхийн маш ховор үнэт олдворуудыг олж дэлхий даяар зарлаж тунхагласан. XIX зууны төгсгөл үеэс эхлээд гадаадын эрдэмтэн, судлаачид Монголд ирэхдээ Орхоны хөндийг заавал зорьж тэнд судалгаагаа хийдэг болсон.

Одоо хүртэл 100 гаруй жилийн туршид судалсаар байгаа боловч барагдашгүй их дурсгал бий. Энэ үржил шимтэй сайхан нутагт эртний нүүдэлчин, төрт улсууд үүсч голлон төвлөрч байсан уламжлалтай. Тухайлбал, Хүннү нараас эхлээд дараа дараагийн бүх улсууд энэ нутагт төвлөрч байсан гэдгийг Хятадын түүх сурвалж бичигт дурдсан байдаг. Мөн энэ нутагт археологийн судалгаа хийсний дүнд нүүдэлчдийн байгуулсан их эзэнт гүрний төв нийслэл эндээс олдож байна, Түрэгийн их хаадын тахилын онгонууд, бичигт хөшөө бүхий дурсгалууд болох Хөшөө цайдмын дурсгал бий. Энд Түрэгийн Билгэ хаан түүний дүү Культегин жанжны алдартай тахилын онгон байна.

Эдгээрийг 1889 онд илрүүлэн судалснаар хэн ч тайлж чадаагүй байсан Түрэгийн Руни бичгийг унших оньс түлхүүр эндээс олдсон. Орхоны хөндий дэлхийн Түрэг судлал, нүүдэлчдийн түүхэнд их алдаршсан. Мөн энд Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол Улсын анхны нийслэл Хархорум хотын үлдэгдэл бий. Мөн VIII-IX зууны үеийн Уйгурын үеийн Хар балгас ч энд бий. Хархорум хотын үлдэгдэл туурь дээр хожим нь XV, XVI зууны үед Эрдэнэ зуу хийдийг байгуулж Халхын шашны том төв болсон. Энэ мэтээр Орхоны хөндий асар их дурсгалтай. Судалж шинжлэх ажил өдөөг хүртэл үргэлжилж, өнөөгийн нөхцөлд шинжлэх ухаан техникийн илүү өндөр төвшинд ажиллах, зөвхөн түүх соёлын талаас нь төдийгүй байгаль газар зүй, ландшавт, цаг уур гээд бүх талаас нь хүн төрөлхтний үйл амьдрал байгаль орчинтойгоо яаж зохицож ирсэн гээд жинхэнэ бодит судалгааны ажлыг явуулах эхлэл ээ олоод байна.

Энэ нутгаас түүх, соёлын ховор үнэтэй ямар томоохон дурсгалууд олдож байсан бэ?

ХарХорумын туурь, хөшөө цайдамын дурсгалыг 1889 онд Оросын эрдэмтэн Ядринцов анх илрүүлж олсон. Үүний дараа 1890 онд Финляндын судлаачид ирж ажилласан. Мөн 1890 онд Оросын ШУ-ны академиас академич Радловоор удирдуулсан Орхоны шинжилгээний анги ажилласан. Тэд тэр үедээ мэдэгдэж байсан Монгол орны эртний дурсгалуудыг нэгтгэн "Монголын эртний дурсгалын атлас" хэмээх судалгааны том бүтээлийг гаргаж байсан нь одоог хүртэл ач холбогдолоо алдаагүй байна. Үүний дараагаар олон экспедиц ирж ажилласан.

Томоохоноос нь дурдвал 1948-1949 онд академич Киселевоор удирдуулсан Зөвлөлт Монголын хамтарсан экспедиц Хархорум хотын туурийг малтан судлах ажлын эхлэлийг тавьсан. Энэ ангид Монголын анхны археологич Х.Пэрлээ, миний багш Н.Сэр-Оджав, Д.Наваан, Ц.Доржсүрэн нар ажиллаж гадныхны судалгааны арга барилаас суралцсан байдаг. Энэ нь нэлээд үр дүнтэй ажил болж байсан гэдэг. Одоог хүртэл энэ судалгааны ажил тасраагүй, судалсаар байгаа. 1960-аад онд Монгол Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн байнгын ажиллагаатай судалгааны баг ажилласан. Мөн 1976-1985 оныг хүртэл Монголын ШУА-ийн түүхийн хүрээлэнгээс зохион байгуулсан судалгааны баг энд ажилласан юм. Тэр үеэс би Н.Сэр-Оджав багшийнхаа удирдлагаар Орхоны хөндийг судлах ажилд оролцож эхэлсэн. Тэгэхэд Хархорум хотын туурь, Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын нутаг Хархул хааны дурсгалуудыг судалж, тодруулсан, Хархорум хотын туурь дээр лалын шашинтан иргэд амьдран сууж байсан гэдэг түүхэн сурвалжийн мэдээг нотлох биет олдворыг илрүүлэн олж байсан юм.

Олдворуудаасаа тодруулаач?
Лалын шашинтан иргэдийн оршуулгын газраас 37 хүний булшийг илрүүлэн олсон, Оршуулгын зан   үйл, дагалдуулан тавьсан эд өлөг зэрэг нь Дундад зууны Монголчуудынхаас эрс өөр. Монголчууд нас барсан хүндээ амьд байхад нь эдэлж хэрэглэж байсан эд хэрэглэл бүх зүйлсийг дагалдуулж тавьдаг бөл Мусальман шашинтны заншил ёсоор юу ч дагалдуулдаггүй, Хамгийн гол онцлог нь тэр хүмүүсиин толгойг умард зүгт, нүүрийг нь дандаа баруун тийш эргүүлж тавьсан байсан.

Тэр бол лалын шашны онцлог. Учир нь Мусальман шашинтай хүн өөд болоход мөргөлийн төв Саудын Арабт байгаа Мекка балгасын зүгт нүүрийг нь хандуулж тавьдаг. Тэр заншлын дагуу оршуулсан сонирхолтой олдвор олдсон. Хүмүүсийн ясанд хийсэн антропологийн судалгаагаар тэнд Европ, Монголжуу төрхийн хүн ч байсан. Магадгүй Араб, Перс зэрэг орноос ирсэн иргэд тэнд суурьшиж Монголчуудтай уусч, түүх соёл, угсаа гарвалын хувьд нэгдсэн гэдгийг харуулах сонирхолтой олдвор байсан.

Эдгээр нь хэдий үед хамаарах вэ?
XIII зуун, XIV зууны үе Хархорум хот ид мандан хөгжиж байсан үед амьдарч байсан хүмүүс юм. Тэгэхээр энэ үед Чингис хаан бол Дундад Ази болоод бусад лалын шашинт орнуудыг байлдан дагуулж тэндээс асар олон тооны гар урчуудыг авчирч Хархорум хотыг байгуулах ажилд оролцуулж байсан гэдэг. Тэр урчууд дархчуудын үр удмын хүмүүс эндээ үлдэж сүүлдээ Монгол болсон байх. Тэр үеийн Монгол нутгаар аялсан жуулчдын тэмдэглэлд ч тэр лалын шүтлэгтэй хүмүүсийн хорооллын талаар байдаг, Тухайлбал, Рубрукийн аян замын тэмдэглэл. Түүнийг батлах археологийн олдвор болж байсан.

Сүүлийн үед хийж байгаа судалгааны ажлууд юу байна?
Монгол, Туркийн эрдэмтэд 1997 оноос Орхоны хөндийд хөшөө цайдмын дурсгалуудыг судалж музей барьж, үзмэр байгуулах ажлыг хамтарч хийсэн, Туркууд Монголд их элэгтэй, Өвөг дээдсийнхээ үлдээсэн дурсгалыг хамгаалах хамтарч ажилласан. Хөшөө Цайдмын дурсгалуудыг судалж Билгэ хааны тахилын онгоныг малтан судалж маш үнэтэй олдворуудыг олж байсан. Тэнд байгаа чулуун дурсгалууд байгалийн өгөршилд орж эвдэрч хэмхэрснийг нөхөн сэргээж хамгаалах ажлыг хийж музей байгуулсан. Энэ нь Монголд анх удаа түүх соёлын дурсгалыг хамгаалах ажил болсон.

Мөн 1998 оноос Монгол, Герман хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй хамтарсан экспедиц Хархорум хотыг судлан ажиллаж байна. Орчин үеийн техникийн дэвшилд тулгуурласан судалгааны баг ховор нандин, чухал олдворуудыг олж судалгаа хийсээр байна. Урьд өмнөх судалгааны зарим нэг буруу, алдаатай дүгнэлтийг засч залруулах үнэн зөв болгох ажлыг мөн хийж байна. Тухайлбал, 1948-1949 оны үед Зөвлөлт Монголын хамтарсан экспедиц Хархорум хотын доторх нэгэн том барилгын туурийг олж байв. Тэрнийг Өгөдэй хааны байгуулсан барилтын туурь хэмээх дүгнэлтэд хүрч одоог хүртэл дэлхийн олон орны эрдэмтэн баримталсаар ирсэн.

Тэгвэл 2000 онд хийсэн энэ экспедицийн судалгаагаар энэ нь ордны туурь биш харин XIII зууны үед Хархорум хотын дотор байгуулсан асар том буддын сүмийн туурь гэдгийг баталсан. Орчин үеийн байгалийн шинжлэлийн нарийн технологийг ашигласан ийм өндөр үр ашигтай экспедиц ажиллаж байгаа нь түүхэн үнэнийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Цаашид Орхоны хөндийн түүх соёлыг төдийгүй байгаль, цаг уур, ландшафт хосолсон өргөн судалгааг хийж эхлээд байгаа юм. Мөн Уйгарын нийслэл Хар балгас хотыг судлах ажлыг эхлүүлээд зургийг нь агаарын лазераар авч маш нарийн судалгаа хийж байгаа,

Хархорумын хөндийд эртний чулуун зэвсгийн дурсгал байдаг. Түүний хадгалалт, хамгаалалт зөрчигдөж одоо хогийн цэг болсон гэх юм?
Хархорумын мойлтын хөндийд хуучин чулуун зэвсгийн үеэс хэдэн ШНШI жилийн турш хүн амьдарч ирсэн. Олон үеийн турш хүн амьдарч байсан түүхийн олон үе давхаргыг хамарсан суурин газар бий, Түүнийг Монгол, Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний анги судалж Монголын чулуун зэвсгийн маш чухал дүгнэлт гаргасан. Мөн 1960-1970 онд "Орхон 7" нэртэй олон үе давхарга бүхий сууринг олж судалгаа хийсэн. Манайхан Мойлтын ам чухал гэж ярьж, бичээд байдаг болохоос дуртай нь очиж ухаж, шаврыг нь зөөгөөд явдаг. Энэ нь орон нутаг, хууль дүрмээ чангатган барьдаггүй, төрийн анхаарал дутмаг байгаатай холбоотой.

Н.Маралмаа эх сурвалж: Зууны мэдээ

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    

JW Player goes here

Валютын ханш
Зар оруулах X
Гарчиг*:  
Холбоос http://  
Таны И-мэйл*:  
Агуулга*:  
 
 
 
 
 
Юникодоор бичнэ үү...
Утасны дугаар:
 
Санал асуулга
Та хот орчимд ямар төрлийн аялал сонирхож байна вэ?
  АГААРЫН
  ДУГУЙН АЯЛАЛ
  БУУДЛАГА
  ХАДАНД АВИРАХ
  ЯВГАН АЯЛАЛ
  МОРИН АЯЛАЛ
  ХОТЫН АЯЛАЛ
  УСНЫ
  БУСАД
 

Монголын Газарзүй Аялал Жуулчлалын Холбоо МОНГОЛ АЯЛАГЧ  
АЖ-н ҮНДЭСНИЙ ТӨВ

АЖТХ Төв
МҮХАҮТ
МЕТАВАЙС ХХК
МОНЦАМЭ АГЕНТЛАГ

М.А.Ж.Холбоо
ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ